Ашиг сонирхлын зөрчил
Ажилтны хувийн ашиг сонирхол нь эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь зөрчилдөж, ажил үүргээ шударгаар хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдал.
Хамаарал бүхий этгээд
Компанийн тухай хуулийн 89.2-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд болон тус хуулийн 91.1.1 болон 91.1.2 заалтуудад тусгасан оролцогчид
Ашиг сонирхлын зөрчлийн нийтлэг хэлбэр
Ашиг сонирхлын зөрчлийн нийтлэг хэлбэрт дараах тохиолдлууд хамаарах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.
- Өөрийн хамаарал бүхий этгээд болон бусдад давуу тал олгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдал болон танил талын хүрээгээ ашиглан аливаа шийдвэр гаргахад шууд болон шууд бусаар нөлөөлөх, аливаа үйлдэл, эс үйлдэл хийх
- Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээлэл, баримт бичгийг зүй бусаар, ажил үүрэгт хамааралгүй байдлаар ашиглах болон ашиглахыг бусдад зөвшөөрөх
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа шууд өрсөлдөгч эсхүл ажиллаж буй компанитай бизнесийн харилцаа холбоотой байгууллагад давхар ажил үүрэг гүйцэтгэх
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа шууд өрсөлдөгч эсхүл ажиллаж буй компанитай бизнесийн харилцаа холбоотой байгууллагад эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний хамаарал бүхий этгээд шууд болон шууд бусаар хувь эзэмшдэг, тус байгууллагаас ашиг орлого хүртдэг
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа шууд өрсөлдөгч эсхүл ажиллаж буй компанитай бизнесийн харилцаа холбоотой байгууллагад эрх бүхий албан тушаал эрхэлдэг, аливаа этгээдээр төлөөлүүлэн удирддаг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн эсхүл тус байгууллагад үйлчилгээ үзүүлдэг